4 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг зөв тайлагнах

ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг зөв тайлагнах

4.1.Энэ хуулийн 2.1-д заасан хуульд заасны дагуу 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуун дарагдуулсан боловч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчилсэн тайланг гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын орон нутгийн салбар нэгжид сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн иргэн, хуулийн этгээдийг дор дурдсан хуульд заасан хариуцлагаас чөлөөлнө:

4.1.1.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-3 дахь заалт;

4.1.2.Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42 дугаар зүйл;

4.1.3.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйл;

4.1.4.Эрүүгийн хуулийн 166,167 дугаар зүйл;

4.1.5.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3 дахь заалт. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах татварын албанд гаргаж өгсөн санхүүгийн болон албан татварын шинэчилсэн тайланг эхлэлтийн тайлан, баланс, нийгмийн даатгалын орон нутгийн салбар нэгжид ажил олгогчийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг эхлэлтийн тайлан гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайланд мөн хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн ногдуулахгүй.

/Энэ хэсэгт Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “... нийгмийн даатгалын шимтгэл...” гэснийг хүчингүй болсонд тооцсон/

4.3.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу чөлөөлөгдөх албан татвар, шимтгэлд дор дурдсан албан татвар, шимтгэл хамаарна:

4.3.1.хувь хүний орлогын албан татвар;

4.3.2.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

4.3.3.орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар;

4.3.4.нэмэгдсэн өртгийн албан татвар;

4.3.5.гаалийн албан татвар;

4.3.6.онцгой албан татвар;

4.3.7.автобензин, дизелийн түлшний албан татвар;

4.3.8.бууны албан татвар;

4.3.9.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

4.3.10.авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

4.3.11.нийгмийн даатгалын шимтгэл.

/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4.4.Энэ хуулийн 4.1-4.3-т зааснаас бусад албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхгүй.

4.5.2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу гаргасан шинэчилсэн тайланг үргэлжлүүлэн хөтөлсөн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд үндэслэн ногдуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.