3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.технологи гэж оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг;

3.1.2.технологи дамжуулах гэж технологи эзэмшигч өөрийн технологийг ашиглах эрхийг бусад иргэн, хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлэх үйл ажиллагааны цогцолборыг;

3.1.3.технологийн горим гэж хүний тодорхой зорилго бүхий үйл ажил­лагааг зохицуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон физик, хими, биологийн үйл явц болон хүний үйл ажиллагаанд суурилсан үйлдлүүдийн цогцолборыг;

3.1.4."ноу-хау" гэж үйлдвэрлэл, удирдлага, худалдаа, санхүүгийн үнэ цэнэ бүхий бөгөөд хуулиар эрхийн хамгаалалт хийгдээгүй, нууцлагдсан, эзэмшиж ашиглахад тодорхой мэргэшил шаардагдах аливаа мэдлэг, туршлагыг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.