7 дугаар зүйл. Технологийн түвшний үнэлгээ
7.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглаж байгаа технологийнх нь улмаас хүний эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд хохирол учруулбал, эсхүл тухайн чиглэлийн технологи дамжуулахыг хянаж байхаар Засгийн газар хоорондын болон Монгол Улсын нэгдсэн бусад олон улсын гэрээ хэлэлцээрт заасан бол уг технологид төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлнэ.
7.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шинээр хэрэглэх технологийнхээ түвшинд 7.1-д заасан байгууллагаар үнэлгээ хийлгүүлж болно.
7.3.Эрх бүхий эрдэм шинжилгээний байгууллага технологийн түвшинг үнэлэхдээ дараахь үзүүлэлтийг харгалзана:
7.3.1.технологийн техникийн үндсэн үзүүлэлтүүдийг ижил төрлийн технологийн харгалзах үзүүлэлтүүдтэй харьцуулан тогтоосон үнэлэлт;
7.3.2.технологийг ашигласнаас байгаль орчин, хүний эрүүл мэнд, мал, амьтан, үйлдвэрлэлийн нөхцөлд үзүүлж болох эерэг, сөрөг болзошгүй нөлөөлөл, сөрөг үр дагаврыг бууруулах зөвлөмж;
7.3.3.технологийг ашигласны эдийн засгийн үзүүлэлтүүд;
7.3.4.бүтээгдэхүүний стандарт, чанар, аюулгүй байдлын үзүүлэлт;
7.3.5.технологийг ашиглахад шаардагдах мэргэжилтний хүрэлцээ хангамж;
7.3.6.тухайн технологийн онцлогтой холбогдох бусад үзүүлэлт.
7.4.Технологийн түвшинг үнэлэх эрдэм шинжилгээний байгууллага нь үнэлгээ хийж байгаа технологийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй бөгөөд хийсэн үнэлгээнийхээ талаар батламж гаргана.
7.5.Холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага технологийн түвшингийн үнэлгээ хийхэд шаардагдах баримт бичиг, бусад зүйлийг саадгүй бүрдүүлж өгч, үнэлгээ хийлгэвэл зардлыг хариуцна.
7.6.Технологийн түвшний үнэлгээ хийсний дараа тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн технологийг цаашид ашиглахыг хориглох талаар шийдвэр гаргаж болно.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.7.Технологийн түвшний үнэлгээ хийх журам, үнэлгээний хэмжээг тогтоох аргачлалыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Технологи дамжуулах