27 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2/ тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, шинжилгээний ажлын журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөл олгох, холбогдох тайлан, мэдээллийг авч нэгдсэн санд оруулах; /Энэ дэд заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3/ биологийн төрөл зүйлд судалгаа, тооллого явуулах, бүртгэл хөтлөх аргачлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөгдсөн бүсээс ажиглалтын зориулалтаар дээж, сорьц авах, хэмжилт хийх, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор ан амьтныг агнах, барих журам тогтоох; /Энэ дэд заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/ ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох; /Энэ дэд заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5/ хортон шавьж, мэрэгчид, түймрээс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх журам, аргачлал тогтоох, гамшиг болон аюулаас тусгай хамгаалалттай газар нутагт учирсан хор уршгийг багасгах арга хэмжээ авах;
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6/ рашаан, эмчилгээ, сувилгааны зориулалттай бусад эрдэс, байгалийн дагалт баялгийг ашиглах журам, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлын жагсаалт, тэдгээрийг түүж бэлтгэх журмыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтоох;
7/ аялал, жуулчлалын зам, чиглэл, журам тогтоох;
8/ тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах;
9/ тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох;
10/ зохих шатны Засаг даргатай зөвшилцөн тухайн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэж, даргыг нь байгаль орчны мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилох;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
11/ Усны нөөц доройтон хомсдож, бохирдох бодит аюул учирч байгаа улсын хэмжээний ач холбогдол бүхий том гол, сав газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг зохих шатанд тавьж шийдвэрлүүлэх.
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
12/Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
13/Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6-д заасан тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
14/газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах журмыг батлах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
15/улсын тусгай хамгаалалттай газрын дотоод бүсчлэл тогтоох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
16/улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
17/тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал, үр ашигт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
18/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 7, 8-д заасан төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./