30 дугаар зүйл. Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа

Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ нь дараахь үйл ажиллагаа явуулна:

1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах;

2/ судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих;

3/ зохих журмын дагуу судалгаа, шинжилгээний зориулалтаар дээж, сорьц авах, ан амьтны сүргийн бүтцийг зохицуулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх;

4/ ан амьтанд зориулан ус задгайлах, хадлан бэлтгэх, өвс тэжээл, хужир, шүү тавих, нөмөр хорго барих болон биотехникийн бусад арга хэмжээг зохих журмын дагуу гүйцэтгэх;

5/ рашаан,эмчилгээ, сувилгааны зориулалттай эрдэс, байгалийн дагалт баялгийг зохих журмын дагуу ашиглуулах;

6/ зөвшөөрөгдсөн аялал, жуулчлалын зам, чиглэлийг тэмдэгжүүлэх, шаардлагатай орон байр барих, тээврийн хэрэгслэлийн зогсоол гаргах, биеийн тамирын болон нийтийн бусад арга хэмжээ явуулах газар, журмыг тогтоох, эрүүл ахуйн нөхцөлийг нь хангах, тэдгээрийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран тохижуулах;

7/ зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих;

8/ уул, овоо тахих,уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх ажиллагааг зохицуулах;

9/ тусгай хамгаалалттай газар нутгийн ач холбогдол, хамгаалалтын горим, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, он дарааллын бичиг хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх;

10/ зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

11/тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтийг хангах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.