18 дугаар зүйл. Засгийн газарт зээл олгох
1.Монголбанк улсын төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж тухайн санхүүгийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байх нөхцөлтэйгөөр Засгийн газарт зээл олгох буюу Засгийн газрын богино хугацаатай үнэт цаасыг худалдан авч болно.
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2. Тухайн санхүүгийн жилийн түр хугацааны зээлийн үлдэгдлийн нийт хэмжээ нь дотоодоос төсөвт сүүлийн гурван жилд орсон орлогын дунджийн арван хувиас хэтрэхгүй байна. Дотоодоос төсөвт орох орлогод Засгийн газар өөрийн активыг зарж борлуулсны орлого болон дотоодын зээллэг, үнэт цаас гаргаснаар олох орлогыг хамааруулахгүй.
/Энэ хэсэгт 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Банкны бүтцийн өөрчлөлттэй холбогдож гарах Засгийн газрын өрийн бичгийн үлдэгдэл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хязгаарлалтад хамаарахгүй. Энэ заалтыг Монгол Улсын Их Хурлын 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3.Засгийн газраас гаргасан үнэт цаасыг Монголбанк худалдан авсан бол түүнийг Засгийн газарт олгосон зээлийн үлдэгдэлд оруулж тооцно. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хүрээнд богино хугацаанд буцаан худалдах нөхцөлтэй худалдан авсан Засгийн газрын урт хугацаатай үнэт цаасыг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан түр хугацааны зээлийн үлдэгдлийн нийт хэмжээнд оруулахгүй.
/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ хэсэгт 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4. Засгийн газрын гадаадаас авсан зээл, тусламжийн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр Монголбанк эзэмшиж, зохицуулж үл болно.
/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
5. Засгийн газарт зээл олгох журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.
/Энэ хэсгийн дугаарыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчилсөн/