26 дугаар зүйл. Монголбанкны удирдлага
1. Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг Монголбанкны Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
З. Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилохдоо түүний эдийн засаг , банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.
4. Монголбанкны Ерөнхийлөгчийн эзгүйд Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчийн эзгүйд Дэд ерөнхийлөгч тус тус орлон ажиллана.
5.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6. Улсын Их Хурал Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг дор дурдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ:
1/ арилжааны банкны хувьцаа эзэмшигч болсон;
2/ Монголбанкны эрх ашигт харш үйлдэл /эс үйлдэл/ гаргасан;
3/ биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, уг албан тушаалаас чөлөөлж өгөхийг хүссэн;
4/ үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;
5/ гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон;
6/ ашиг сонирхлын бусад зөрчил үүссэн.
7. Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн дотор банкны удирдах албан тушаалд ажиллахыг хориглоно.
8.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Улсын Их Хурлаас дараагийн Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилсноор дуусгавар болно.
/Энэ хэсгийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/