25 дугаар зүйл. Монголбанкны хянан шалгагчийн бүрэн эрх
1. Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ. Хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдэлнэ.
/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2. Монголбанкны хянан шалгагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгчийн болон банкны байр, тасалгаа, бусад холбогдох газарт нэвтрэн орох;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2/үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгч, банкны данс бүртгэл, тайлан, тэнцэл, санхүүгийн баримт, тоног төхөөрөмж, шаардлагатай бусад зүйлд хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах, асуулт тавьж, хариулт авах;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3/шаардлагатай магадлагаа, баримтын хуулбарыг төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгч, банкны харилцагч, хэрэглэгч, иргэн, хуулийн этгээд, банк, санхүүгийн болон бусад байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4/ хуулийн этгээд, иргэний банкны үйл ажиллагаатай холбогдох баримтыг шалгаж үзэх;
/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5/үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгч, банк, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх;
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6/ хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
7/ Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг бүрэн байгуулаагүй банкны гишүүнд ногдол ашиг хуваарилахыг зогсоох.
8/үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгч, банкны санхүүгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамжид нэвтрэх, тэдгээрээс банкны үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ, мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах.
/Энэ заалтыг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Монголбанкны хянан шалгагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:
1/хянан шалгагчаас эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл түүнийг биелүүлснээс банк, гуравдагч этгээдэд учирсан хохирлыг Монголбанк, түүний хянан шалгагч хариуцахгүй байх;
2/хянан шалгагчийг хуулиар хүлээлгэсэн албан үүрэгтэй нь холбоотойгоор заналхийлэх, сүрдүүлэх, амь бие, эрүүл мэндэд нь халдах аливаа хууль бус үйлдлээс хянан шалгагч, түүний гэр бүлийн гишүүдийг төр хамгаалах;
3/хянан шалгагч үүргээ гүйцэтгэх үедээ эрүүл мэнд нь хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд Монголбанкнаас тогтоосон журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж, зардлыг олгох.
/Дээрх 3 дахь хэсгийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
4/хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан шийдвэртэй нь холбоотой аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах, холбогдох бусад зардлыг Монголбанк хариуцах. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн бусад байгууллага, албан тушаалтан, банк, аливаа хүн, хуулийн этгээд Монголбанк, түүний хянан шалгагчаас энэ хуульд заасан хяналт шалгалтын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.Монголбанкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан, хянан шалгагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт үзүүлсэн, нөлөөллийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хуульд заасны дагуу холбогдох этгээдэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./