28 дугаар зүйл. Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх баталгаа

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх баталгаа

1. Монголбанкны Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ Монголбанк, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулан удирдах, Мөнгөний бодлогын хороог удирдах, төлөөлөх, ажиллах журмыг батлах;

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/хууль тогтоомж, Мөнгөний бодлогын хорооны тогтоолд үндэслэн, Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3/ Улсын Их Хурлын Байнгын Хороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд өөрийн байр суурийг илэрхийлэх;

4/ энэ хуулийн гурав, дөрөвдүгээр бүлэгт тодорхойлсон Монголбанкны үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тохиолдолд Засгийн газар буюу банкны нэрийн өмнөөс өөрийн хөрөнгийн хэмжээнд багтаан зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргаж болно.

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/ Монголбанкнаас үзүүлсэн ажил, үйлчилгээнд авах шимтгэл, олгосон зээлийн хүүгийн болон худалдан авах үнэт цаасны өгөөжийн хувь, хэмжээг тогтоох;

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6/ Монголбанкны зохион байгуулалтын бүтцийг тогтоох;

/Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7/ банкны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөхөд түүний мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар зэрэг асуудлаар банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөх, шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэх захирлыг өөрчлөх тухай банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд зөвлөмж өгөх, банкны тухай хууль тогтоомжид заасан үндэслэлээр түдгэлзүүлэх, чөлөөлөх;

/Энэ заалтад 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8/ төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай асуудлын талаар Засгийн газарт мэдээлэх, түүнтэй хамтарч шийдвэр гаргах;

9/ төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, санхүүгийн зах зээлийн байдлын талаар Монголбанкны дүгнэлт, саналыг Улсын Их Хурал, Засгийн газарт улирал тутам танилцуулах;

10/ банкны шийдвэр банкны тухай хууль тогтоомж, Монголбанкны шийдвэртэй харшилж байвал түүнийг хүчингүй болгох;

11/ банкны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх,давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээ авах;

12/ энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжийн биелэлтийг иргэн, хуулийн этгээдэд шалган танилцаж, хуульд заасан арга хэмжээг авах, биелэлтийг нь бүрэн хангуулах талаар даалгавар өгч, гүйцэтгүүлэх;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13/ банкны өөрийн хөрөнгийн зохистой хэмжээг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх;

/Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

14/Монголбанкны ажилтны ёс зүйн дүрмийг батлах;

/Энэ заалтыг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

15/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ заалтын дугаарыг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

2. Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

1/ төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагатай бусад хангамж эдлэх;

2/ уналга, холбооны хэрэгслээр хангагдах;

3/ гадаадад зорчих, байх хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдлэх;

4/ хуулиар тогтоосон бусад баталгаа.

3. Монголбанкны Ерөнхийлөгчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих,түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, гэр орон, уналга, албан тасалгаа,биед нь нэгжлэг хийхийг хориглоно.

4. Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд улс,орон нутгийн албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

5. Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар хариуцуулсан үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаалыг хавсран эрхэлж болохгүй.

6. Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход түүнийг тодорхой ажил,албан тушаал эрхлүүлэх, тийм боломжгүй бол чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд амьдралын түвшинг нь бууруулахгүй байх арга хэмжээг Улсын Их Хурал авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.