7 дугаар зүйл. Сүм хийд, лам санваартны үйл ажиллагааны эрх зүйн үндэс

ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Сүм хийд, лам санваартны үйл ажиллагааны эрх зүйн үндэс

1.Шашин-номын үйлсийг эрхлэн гүйцэтгэгч лам санваартан нар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу иргэний эрхээ эдэлж, үүрэг хүлээнэ.

2.Сүм хийд, лам санваартан нар бурхан тахилын зүйлс, ном судар бүтээх, шашны зан үйл үйлдэх, хурал ном хурах зэргээр сүсэгтэн олонд чөлөөтэй үйлчилнэ.

3.Шашны зан үйлийг тухайн шашны уламжлалт ёс журмын дагуу энэ хууль, бусад хууль тогтоомжоор тусгайлан хориглоогүй газарт сүсэгтний хүсэлтээр тэдэнд зориулж чөлөөтэй үйлдэж болно.

4.Сүм хийд бие дааж буюу удирдах төвөөрөө уламжлан төрийн аль ч шатны байгууллагад асуудлаа тавих, харилцах эрхтэй.

5.Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

6./Энэ хэсгийг 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй/.

7.Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хориглоно.

8.Сүм хийд, лам санваартны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу төлнө. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.Сүм хийдэд гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

10.Шашны байгууллага гадаад харилцааны асуудлаа эрх бүхий төрийн байгууллагатай зөвлөлдөн шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.