16 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүрэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүрэг

16.1.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.11, 15.1.13, 15.1.14-т заасан байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.2.Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.3.Өрхийн эрүүл мэндийн нэг төвд ногдох иргэний тоог Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.3.Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.4.Сум, тосгоны эрүүл мэндийн төв хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байх бөгөөд байршил, хүн амын төвлөрөл, өвчлөл, осол гэмтлийн нөхцөл байдлаас хамааран яаралтай тусламж, үйлчилгээний болон багийн эмчийн салбартай байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.5.Сумын эрүүл мэндийн төвийн зэрэглэл, бусад сумын хүн амыг хамруулан тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим сумын эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээг тогтоох, багийн эмчийн салбар байгуулах, өөрчлөн зохион байгуулах асуудлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.6.Хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв нь хорт хавдрын болон бусад өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөнд хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна. /Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.7.Клиник нь үндсэн, эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.8.Амаржих газар нь хүн амд эх барихын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.9.Нийгмийн эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн түвшинд зохион байгуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.10.Нэгдсэн эмнэлэг 10 мянгаас доошгүй суурин хүн ам бүхий суманд эрүүл мэндийн анхан шатны болон таваас доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг, аймгийн төв, дүүрэгт долоогоос доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна. Аймгийн төв, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн эмнэлэг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зарим төрөлжсөн мэргэшлээр лавлагаа шатлалын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг нэмэлтээр үзүүлж болно.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.11.Сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.12.Түргэн тусламжийн төв нь түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.13.Сэргээн засах төв нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон бусад эмнэлгээс илгээсэн өвчтөнд амбулатороор үйлчлэх, хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.14.Тусгай эмнэлэг нь батлан хамгаалах, хууль сахиулах албаны албан хаагч, ял эдэлж байгаа ялтан, гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж түр саатуулагдсан иргэнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.15.Тусгай мэргэжлийн төв нь улсын хэмжээнд үндсэн, эсхүл төрөлжсөн нэг мэргэшлээр лавлагаа тусламж, үйлчилгээг амбулатороор үзүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх бөгөөд эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.16.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг улсын болон бүсийн хэмжээнд төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах чиг үүрэг бүхий байгууллага байна.

/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.17.Сувилахуйн төв нь байнгын асаргаа сувилгаа шаардах ахмад настан, архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.18.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.19.Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг монголын уламжлалт анагаах ухааны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.20.Энэ хуулийн 16.10-т заасан чиг үүрэгт хамаарах тусламж, үйлчилгээг нэг цэгээс хэд хэдэн хуулийн этгээд хамтран үзүүлж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.22.Эмнэлэг хяналтын комиссын ажиллах журам, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.