17 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт
17.1.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн өмчтэй холбогдох харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөцтэй холбогдох харилцааг энэ хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.
17.2.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана.
17.3.Хувийн хэвшлийн эмнэлэг, тусгай эмнэлэг байгуулахтай холбоотой харилцааг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
17.4.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.5.Энэ хуулийн 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.6, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.14-т заасан орон нутгийн өмчит байгууллагын удирдлагыг энэ хуулийн 11.1.9, 12.2-т заасны дагуу томилж, чөлөөлнө.
17.6.Энэ хуулийн 17.4, 17.5-д зааснаас бусад байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох бусад хуулиар зохицуулна.
17.7.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүн, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнтэй байна.
/Энэ зүйлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.7.1.холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, дотоод журмыг батлах, өөрчлөх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.2.байгууллагын төсвийн төлөвлөгөөг батлах, хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтад хяналт тавих;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.3.байгууллагын хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хянах
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, чанар, хүртээмжийн байдалд үнэлэлт өгөх
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.5.байгууллагын болон дарга, захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.6.байгууллагын санхүүгийн болон аудитын тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.7.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив, тусламж авах, түүнийг зарцуулах журам тогтоох
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.8.Төрийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараахь байдлаар нэр дэвшүүлнэ:
17.8.1.эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүнийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлснээр;
17.8.2.эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнийг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн болон эмнэлгийн мэргэжилтнээс бусад ажилтны төлөөлөл тус бүрээс нэг хүнийг тухайн хамт олны ердийн олонхийн төлөөлөл оролцсон ирцтэй хурлаас нэр дэвшүүлснээр;
17.8.3.олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл тус бүр нэг хүнийг сонгон шалгаруулснаар.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.9.Орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараахь байдлаар нэр дэвшүүлнэ:
17.9.1.эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, аймаг, дүүргийн эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан нэгжээс тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлснээр;
17.9.2.эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнийг энэ хуулийн 17.8.2-т заасны дагуу тухайн хамт олны ердийн олонхийн төлөөлөл оролцсон ирцтэй хурлаас нэр дэвшүүлснээр;
17.9.3.олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг энэ хуулийн 17.8.3-т заасны дагуу сонгон шалгаруулснаар.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.10.Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна:
17.10.1.эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг батлах;
17.10.2.эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах;
17.10.3.эмнэлгийн тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах;
17.10.4.төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох;
17.10.5.эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх;
17.10.6.эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах;
17.10.7.эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах;
17.10.8.эмнэлэгт хэрэгжүүлэх концессын болон бусад төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
17.10.9.эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлэлт, дүгнэлт гаргах;
17.10.10.эмнэлгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
17.10.11.эмнэлгийн захиралтай байгуулсан гэрээг дүгнэх;
17.10.12.эмнэлгийн санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэх;
17.10.13.аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж, хэрэгжилтэд хяналт тавих;
17.10.14.шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага, шинжээчээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
17.10.15.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.11.Төлөөлөн удирдах зөвлөл дараахь үүрэгтэй байна:
17.11.1.байгууллагын хөгжлийн болон хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
17.11.2.эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хяналт тавих;
17.11.3.эмнэлгийн тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
17.11.4.эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах;
17.11.5.эмнэлэгт хэрэгжүүлэх концессын болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
17.11.6.эмнэлгийн захирлын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх;
17.11.7.эмнэлгийн захирлын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эмнэлэгт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх;
17.11.8.төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод тайлагнах;
17.11.9.хуульд заасан бусад үүрэг.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/