24 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт

24.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ, бусад үйл ажиллагааны орлого, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.2.Энэ хуулийн 24.6.3, 24.6.4-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх болон хяналт тавих журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.3.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төлбөрийн жишиг хэмжээг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

24.4.Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн энэ хуулийн 24.6.10-т заасан тусламж, үйлчилгээнээс бусад тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авна.

/Энэ хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.5.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, засвар, үйлчилгээ хийхэд зарцуулах бөгөөд уг орлогыг зарцуулах үлгэрчилсэн журмыг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

24.6.Монгол Улсын иргэний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна:

/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.6.1.жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардал;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.6.2.төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх эмнэлгийн зарим тусламж, үйлчилгээ;

/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.6.3.халдвар судлалын үйлчилгээ, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл;

24.6.4.хуульд өөрөөр заагаагүй бол нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.6.5.аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ;

24.6.6.сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.6.7.удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал.

24.6.8.бие махбодийн ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээ.

/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.6.9.16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал.

/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.6.10.эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ.

/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ болон эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулах эрүүл мэндийн байгууллагыг сонгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл батална.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ, НИЙГМИЙН БАТАЛГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.