25 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараахь сургалт, мэргэшлийн зэрэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараахь сургалт, мэргэшлийн зэрэг

/Энэ зүйлийн гарчгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.2.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй байна.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3.Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дор дурдсан хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно:

25.3.1.резидент эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар; /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.3.2.үндсэн мэргэшлийн сургалтыг дүүргэсэн мэргэшсэн эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.3.3.бага эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.3.4.эм зүйч, эм найруулагчид эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;

/Энэ заалтын дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3.5.сувилагчид сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;

/Энэ заалтын дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3.6.эх баригчид эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар.

/Энэ заалтын дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3.7.сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар.

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.4.Энэ хуулийн 25.3.1-д заасан резидент эмч нь төгсөлтийн дараахь сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.5.Энэ хуулийн 25.3.1-д зааснаас бусад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг жил тутам тасралтгүй сургалтад хамрагдаж, багц цагаа бүрдүүлэн ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд таван жилийн хугацаагаар сунгана.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.6.Гадаад улсад анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсад анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн гадаадын иргэн Монгол Улсад резидент эмчийн сургалтад хамрагдах тохиолдолд энэ хуулийн 25.3-т заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.7.Гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэнд тухайн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шууд олгож болно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.8.Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгоно:

25.8.1.анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн бөгөөд Монгол Улсын анагаах ухааны боловсролын зэрэгтэй дүйцэх анагаах ухааны боловсрол эзэмшсэн;

25.8.2.эх орондоо мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй буюу түүнтэй адилтгах баримт бичигтэй;

25.8.3.төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцсан, төрөлжсөн мэргэшлээр тав ба түүнээс дээш жил ажилласныг нотлох хүчин төгөлдөр баримт бичигтэй;

25.8.4.Монгол Улсын аль нэг эрүүл мэндийн байгууллагад ажиллах гэрээ, хэлэлцээртэй.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.9.Энэ хуулийн 25.8-д заасан гадаадын иргэнд Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр жил хүртэлх хугацаагаар дараах нөхцөлөөр хялбаршуулсан журмаар олгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.9.1.зургаан сар хүртэлх зөвшөөрлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтгүйгээр зөвхөн нэг удаа;

25.9.2.зургаан сараас дээш хугацааны зөвшөөрлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд.

25.10.Энэ хуулийн 25.9-д заасан зөвшөөрөлтэй гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсын нутаг дэвсгэрт мэргэжлийн үйл ажиллагаагаа монгол хэл дээр, шаардлагатай тохиолдолд орчуулгатай явуулна.

25.11.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалт нь мэргэшүүлэх болон тасралтгүй гэсэн төрөлтэй байх бөгөөд төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтад үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарна.

25.12.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн болон төгсөлтийн дараахь сургалттай холбогдсон үйл ажиллагааны удирдлагыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

25.13.Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон төрийн байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, нөхөн олгох, хүчингүй болгох болон төгсөлтийн дараахь сургалт, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд мэргэжлийн нийгэмлэг, холбооны оролцоог хангана.

25.14.Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэшлийн зэрэг олгох болон төгсөлтийн дараахь сургалтын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөл ажиллана.

25.15.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам, бүрдүүлэх баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар, холбогдох маягтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, холбогдох зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.16.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын болон мэргэшлийн зэргийн үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам, мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам, мэргэшлийн зэргийн болон төгсөлтийн дараахь сургалтыг төгсөгчид олгох үнэмлэх, гэрчилгээний загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төгсөлтийн дараахь сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх журам, зардлын жишиг, сургалтын тэтгэлэг олгох шалгуур, тэтгэлгийн хэмжээ, мэргэшлийн зэргийн шалгалтын төлбөр, зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

25.17.Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн сан нь эмнэлгийн мэргэжилтний талаархи мэдээллийн лавлагаа болох бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн бүр зөвшөөрлийн дахин давтагдашгүй дугаартай байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.18.Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн сан нь эмнэлгийн мэргэжилтний бүртгэлд орсон он, сар, өдөр, мэргэжил, мэргэшил, төгсөлтийн дараахь сургалтад хамрагдсан байдал, мэргэшлийн зэрэг, ажиллаж байсан болон ажиллаж байгаа байгууллага, эрхэлж байгаа албан тушаалын талаархи мэдээллийг агуулах бөгөөд жил тутам шинэчлэгдэж байна.

25.19.Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санг хөтлөх, мэдээллийг шинэчлэх, ашиглах журмыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

25.20.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүчингүй болгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.20.1.энэ хуулийн 26.3-т заасны дагуу; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.20.2.хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.20.3.зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд багц цагийг хангах үүргээ биелүүлээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.20.4.зөвшөөрлийн шалгалтад ороогүй, эсхүл тэнцээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.20.5.хуульд заасан үндэслэлээс бусад шалтгаанаар хоёр жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.20.6.улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэн гэрээний үүргээ биелүүлээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.20.7.хуульд заасан үүргээ биелүүлээгүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.21.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг энэ хуулийн 25.20-д заасан эрх бүхий этгээд хүчингүй болгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.21.1.байгууллагын болон гадаадын эмнэлгийн мэргэжилтний санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.21.2.байгууллагын болон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.21.3.гадаадын эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдаа гаргасан нь холбогдох байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.22.Энэ хуулийн 25.20.6-д заасан гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг сэргээж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.