26 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тогтоох, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, дахин олгох

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тогтоох, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, дахин олгох

26.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар хороо, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн дэргэд Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хороо тус тус ажиллана. Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм, анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26.2.Энэ хуульд заасан эрүүл мэндийн талаар эдлэх иргэний эрх, үүргээс гадна эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон эрх, үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.

26.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 26.1-д заасан Ёс зүйн хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар, мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон нь зохих байгууллагаар тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1-3 жил хүртэлх хугацаагаар тус тус хүчингүй болгоно.

26.4.Ёс зүйн салбар хороо нь эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

26.5.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллана. Тус хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.