43 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг
43.1.Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах эрх эдэлнэ:
43.1.1.эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах;
43.1.2.өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх;
43.1.3.өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;
43.1.4.халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах;
43.1.5.хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах;
43.1.6.эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах;
43.1.7.хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалуулах.
43.2.Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
43.2.1.эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх;
43.2.2.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа ажилд оролцох;
43.2.3.халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх;
43.2.4.хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;
43.2.5.хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх;
43.2.6.халдварт өвчний үзлэг, шинжилгээнд өөрийн санаачилгаар болон эмч, эмнэлгийн байгууллагын шаардлагаар орох;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
43.2.8.эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх;
43.2.9.эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх.
43.2.10.энэ хуулийн 351.1-д заасан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдах.
/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./