18 дугаар зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргаа

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргаа

1.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2. Захирлаар томилогдох этгээд дор дурдсан шаардлага хангасан байвал зохино:

1/ дээд боловсролтой;

/Энэ заалтад 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 2-оос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлагатай;

3/ удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг.

3. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, удирдаж байсан хуулийн этгээдээ дампууруулсан, эсхүл удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өөрчлөгдсөн этгээдийг 5 жилийн дотор захирлаар томилохыг хориглоно.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Захирал төрийн, хувийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

5. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.