41 дугаар зүйл. Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам
1. Дуудлагын худалдааг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын этгээд хөтлөн явуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Хөтлөгч дор дурдсан үүрэгтэй:
1/ дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх;
2/ худалдааг товлон зарласан газар хугацаанд нь эхлэх;
3/ үнэ хаялцуулах дэгийн дарааллыг нэгбүрчлэн тэмдэглэх;
4/ дуудлагын худалдаанд 2-оос доош этгээд оролцсон, доод үнээс дээш үнийн санал ирээгүй бол худалдааг явагдаагүйд тооцон хааж энэ тухай тэмдэглэл үйлдэх;
/Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
5/ дуудлагын худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн хөтлүүлэх.
3. Дуудлагын худалдаанд түүнийг эхлэхээс дуусах хүртэл төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгч заавал байлцаж дараахь үүрэг гүйцэтгэнэ:
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ дуудлагын худалдаа хуульд заасан журмаар явуулж байгаа эсэхэд болон хөтлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавих;
2/ дуудлагын худалдааны явцын тэмдэглэл үнэн зөв, бүрэн хөтлөгдсөн эсэхийг хянан үзэх;
3/ дуудлагын худалдааг хууль зөрчиж явуулсан гэж үзвэл түдгэлзүүлэн зогсоох;
4. Дуудлагын худалдааг нийтэд товлон зарласан газар, хугацаанд нь эхэлж, оролцогчдоор үнэ хаялцуулан, эцсийн үнэ хэлсний дараа дохио өгөх буюу 1, 2, З гэж тоолсны эцэст өөр санал гараагүй бол хаасныг зарлана.
5. Хөтлөгч болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгч өөрөө, эсхүл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тухайн дуудлагын худалдаанд худалдан авагчаар оролцохыг хориглоно.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/