43 дугаар зүйл. Дуудлагын худалдаа дуусгавар болгох үндэслэл
1. Дуудлагын худалдааг үнэ хаялцуулж дууссаны дараа дохио өгч хааснаар дуусгавар болсонд тооцно.
2. Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь ялагч болно.
/Энэ хэсгийг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
3. Дуудлагын худалдаанд ялагч буюу түүний эрхийг шилжүүлэн авагч нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу түүнээс эрх олгосон байгууллагатай Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 20-23 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулна. Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
/Энэ хэсэгт 1997 оны 6 дугаар сарын 19, 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ худалдан авсан эд хөрөнгийн нэр төрөл;
2/ худалдан авсан үнэ;
3/ дуудлагын худалдаанд оролцохдоо тавьсан дэнчингийн хэмжээ;
4/ үнэ төлөх хэлбэр;
5/ эд хөрөнгө шилжүүлэх нөхцөл /болзол/, хугацаа;
6/ гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй буюу цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хохирлыг нөхөн төлөх үндэслэл, журам, хэмжээ;
7/ гэрээний үүргийн талаар үүссэн маргааныг хянан шийдвэрлэх журам.
4. Дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсний, хэрэв энэ нь үл хөдлөх эд хөрөнгө бол үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа үүснэ. Үнэ төлөх журам, хэлбэрийг гэрээнд заана.
/Энэ хэсэгт 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ .
5. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
6. Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахь үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө.
/Энэ хэсгийг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/ .