46 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалтаар өмч хувьчлах
1. Төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр өмч хувьчлахыг уралдаант шалгаруулалтаар хувьчлах гэнэ.
2. Эд хөрөнгийг дараахь нөхцөлд уралдаант шалгаруулалтаар хувьчилна:
1/ хөрөнгө оруулж үндсэн ажил, үйлчилгээний зориулалтыг өөрчлөхгүйгээр технологийг шинэчлэх замаар хувьчлагдах хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашгийг нь дээшлүүлэх;
2/ хувьчлагдах хуулийн этгээдийн үйл ажиллагааны нь үндсэн чиглэлийг нийгэм, бүс нутгийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн байгуулах.
3. Уралдаант шалгаруулалтаар хувьчлах ажиллагааг /төсөл сонгон шалгаруулах/ нээлттэй буюу хаалттай гэсэн хоёр хэлбэрийн аль нэгээр явуулна.
4. Хувьчлах эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийн болон хөрөнгө оруулалт, технологийн шаардлагыг хангах, тодорхой ажил мэргэжлийн хуулийн этгээд, хувь хүмүүсийн хүрээнд явуулахыг хаалттай, нийтийг чөлөөтэй оролцуулах үндсэн дээр явуулахыг нээлттэй гэнэ.
5. Эд хөрөнгийг /хуулийн этгээдийг/ хаалттай уралдаант шалгаруулалтаар явуулах тухайг Засгийн газраас баталсан жагсаалтад заасан байвал зохино. Түүний дагуу хувьчлах шийдвэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргаж нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/