5 дугаар зүйл. Төрийн өөрийн өмч
1.Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна:
1/ төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;
2/ төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;
3/ төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө;
4/ улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5/ төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц;
6/ хуульд заасан бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө.
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар нь Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэж хуваана.
3.Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4.Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг нийтийн зориулалттай өмчид, эсхүл өөр өмчид шилжүүлэх журмыг хуулиар тогтооно.
5.Төрийн өөрийн өмчийг зориулалт бусаар захиран зарцуулах, нийгмийн шинжтэй төсөл, арга хэмжээнд зарцуулах, хандив, тусламж, түүнтэй адилтгах хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглох бөгөөд энэхүү хориглолтыг зөрчсөн эрх бүхий этгээдийг албан тушаалаас чөлөөлж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./