58 дугаар зүйл. Удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах
1. Төрийн өмчит хуулийн этгээдийг удирдах үйл ажиллагааг / менежмент/ удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, үйлдвэрлэлийг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд, хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2. Менежментийн гэрээгээр ажиллах этгээд нь гэрээнд заасан бол өөрийн багийг бүрдүүлж болно.
3. Менежментийн гэрээг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр хуульд өөрөөр заагаагүй бол З хүртэл жилийн хугацаагаар бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4. Гэрээнд үүргийн тухай болон ажил гүйцэтгэх гэрээний тухай Иргэний хуульд тодорхойлсон заалтуудыг баримтлахаас гадна дараахь болзлыг заавал тусгана:
1/ удирдах үйл ажиллагааг гүйцэтгэгч / менежер/ этгээдээс үйлдвэрийн зохион байгуулалт, технологийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах болон үр ашиг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлт, журам;
2/ гэрээгээр ажиллах этгээдийн цалин хөлс, урамшил;
3/ гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд төрийн өмчийн эд хөрөнгөөс хувьчлан өгөх хэмжээ, хэлбэр, үнэ;
4/ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, түүнд барьцаалах хөрөнгө.
5. Менежментийн гэрээний аргыг төрийн өмч давамгайлсан хувьцаат болон хамтарсан хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хэрэглэж болно. Энэ тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөж тохирсон байна.