77 дугаар зүйл. Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2. Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:
1/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах;
2/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3/ орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө;
4/ орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих.
3. Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын дарга шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4. Хурлын дарга нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд өмчийн төлөөлөгчийг томилж түүний үйл ажиллагааг чиглүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5. Нутгийн удирдах байгууллагад орон нутгийн өмчийн асуудал хариуцсан ажилтан буюу ажлын алба уг ажлыг эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 68.4-т заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийн удирдлагын чиг үүргийг шилжүүлсэн бол энэ хуульд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тухайн хот, тосгоны Зөвлөл хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./