13 дугаар зүйл. Төрийн далбааг мандуулах
1. Төрийн далбааг дараахь газар байнга мандуулна:
1/ Монгол Улсын Төрийн ордон;
2/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө;
З/ аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын албан ажлын байр; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/ Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын байр.
2. Төрийн далбааг дараахь газар, тээврийн хэрэгсэл дээр түр хугацаагаар мандуулна:
1/ Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр-санал хураах байр;
2/ иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын хуралдааны хугацаанд-хуралдааны байр;
З/ Монгол Улсын Үндсэн хуулийн болон Монгол Улсыг Бүгд Найрамдах Улсаар тунхагласан өдөр-төрийн захиргааны төв байгууллагын байр;
4/ Монгол ардын хувьсгалын ойн баярын өдөр-баяр наадмын талбай, төрийн захиргааны төв байгууллага,зэвсэгт хүчин, бусад цэргийн нэгтгэл, анги болон хилийн салбарын байр;
/Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5/ Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон консулын хөлөглөж яваа тээврийн хэрэгсэл;
6/ хилийн асуудлаар хэлэлцээ хийхээр яваа Монгол Улсын хилийн төлөөлөгчийн хөлөглөж яваа тээврийн хэрэгсэл.
З. Төрийн далбааг Монгол Улсын бүртгэлтэй усан тээврийн хэрэгсэл дээр олон улсын нийтлэг журмыг баримтлан мандуулна.
4. Олон улсын чанартай буюу үндэсний уламжлалт биеийн тамир, спортын уралдаан, тэмцээн, наадам, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээний үед олон улсын жишиг, ард түмний уламжлалыг харгалзан Төрийн далбааг өргөн мандуулж болно.
5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад газарт Төрийн далбаа байнга мандуулах байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./