10 дугаар зүйл. Улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутгийн байгууллагад бүсийн улсын ахлах байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

10.2.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.З.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.4.Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ ​​​​​​​

/Энэ хэсгийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.5.Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн Засгийн газраас баталсан журмын дагуу олгож, цуцална. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ ​​​​​​​

10.6.Хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийн дарга нь салбарын улсын ерөнхий байцаагч байна. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ ​​​​​​​

10.7.Хяналт шалгалтын байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ ​​​​​​​

10.8.Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

10.9.Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.9.1.хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих;

10.9.2.хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;

10.9.3.холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

/Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.9.4.хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

10.9.5.бүтээгдэхүүний дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо, хэмжээгээр үнэ төлбөргүй авах, шинжлүүлэх;

/Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.9.6.байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлогод оруулах, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.9.7.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах;

/Энэ заалтад 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.9.8.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

10.9.9.ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон их хэмжээний хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

/Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.9.10.улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй;

10.9.11.улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;

10.9.12.хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.9.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

10.10.Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.11.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.12.Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.12.1.холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

10.12.2.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

10.12.3.энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

10.12.4.ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

10.12.5.төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийг батлах; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.12.6.улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх.

/Энэ хэсгийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.13.Энэ хуулийн 10.12.2, 10.12.3-т заасан бүрэн эрхийг улсын ахлах байцаагчгүй суманд сумын улсын байцаагч хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.