5 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам

5.1.Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.2.Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.2.1.он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар;

5.2.2.шалгалтын зорилго, үндэслэл;

5.2.3.шалгалтын төрөл, арга, хэлбэр;

5.2.4.шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр;

5.2.5.шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч;

5.2.6.шалгалт эхлэх болон дуусах хугацаа;

5.2.7.өмнө хийсэн шалгалтын талаархи мэдээлэл.

5.3.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг хяналт шалгалтын байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.4.Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно.

5.5.Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно.

5.6.Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ.

5.7.Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.

5.8.Шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото зураг, дүрс бичлэг/, түүнчлэн шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулж болно.

5.9.Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:

5.9.1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал;

5.9.2.улсын байцаагчийн санал, дүгнэлт;

5.9.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт.

5.10.Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана.

5.11.Улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулна.

5.12.Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. Байгаль орчны хяналтад энэ хэсгийн заалт хамаарахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

5.13.Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана.

5.14.Хийсэн хяналт шалгалтын талаархи мэдээллийг тухай бүр хяналт шалгалтын бүртгэлийн нэгдсэн санд оруулна.

5.15.Хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан, хяналт шалгалтын ажилд оролцсон бусад этгээд хяналт шалгалтын явцад авсан мэдээллийг өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

5.16.Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна.

5.17.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтын байгууллага хийсэн хяналт шалгалтынхаа дүнг эцэслэн гаргасны дараа ажлын 10 өдрийн дотор олон нийтэд нээлттэй болгоно.

5.18.Улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд шалгуулагч этгээд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй. /Энэ хэсэгт 022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Дээрх 5 дугаар зүйлийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.19.Хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын төлөвлөгөө, эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудас боловсруулах, батлах, эрсдэлийн ангилалд хамааруулахтай холбогдсон нийтлэг журам, аргачлалыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.