12 дугаар зүйл. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл

12.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дараах үзүүлэлтийг тусгана: /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.1.дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.2.хэрэглээний үнийн өсөлтийн түвшин; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.3.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.4.нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.5.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.6.нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.7.нэгдсэн төсвийн суурь тэнцэл; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.8.Засгийн газрын өрийн нийт хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.1.9.Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ. /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.Энэ хуулийн 12.1.3-12.1.9-д заасан үзүүлэлтийг төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн үнэмлэхүй хэмжээ болон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар тооцно.

12.3.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараахь агуулгатай байна:

12.3.1.төсвийн бодлого, зорилтыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн удирдлагын зарчим, 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлж дунд хугацаагаар тодорхойлсон байдал;

12.3.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн тусгай шаардлагад нийцүүлж тусгасан төсвийн бодлогын зорилтыг хангах арга хэмжээ;

12.3.3.макро эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын нөлөөллийн талаар хийсэн дүн шинжилгээ;

12.3.4.өмнөх хоёр жилийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөвлөлт, дараагийн жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийн төлөв байдлыг хамруулан тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн, хэрэглээний үнийн түвшин, мөнгөний бодлогын үндсэн үзүүлэлт, ажил эрхлэлт болон ажилгүйдлийн түвшин, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны урсгал тэнцлийн талаархи макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд;

12.3.5.макро эдийн засгийн төлөв байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг тооцоход хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл;

12.3.6.төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нэгдсэн төсвийн тэнцэл, улсын хөрөнгө оруулалт, төсвийн нийт орлого, зарлагыг багтаасан төсвийн гол үзүүлэлтүүд, тэдгээрийн төлөвлөгөөг гүйцэтгэл, үр дүнтэй нь харьцуулсан байдал;

12.3.7.төсвийн болзошгүй өр төлбөр, түүний талаархи шинжилгээ;

12.3.8.өмнөх 2 жилийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөвлөлт, дараагийн жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийн төлөв байдлыг хамруулан тооцсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө болон түүний гүйцэтгэл, төсвийн нийт зарлагын хэмжээ, түүний өсөлт, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн зорилтот үзүүлэлт, түүний гүйцэтгэл, улсын өрийн нийт үлдэгдэл, авч ашиглах зээл, өрийн бичиг гаргалтын талаархи нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүд;

12.3.9.төсвийн төлөвлөлтийн төсвийн тусгай шаардлагад нийцсэн байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр тавигдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн байдал.

12.3.10.олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг тусгасан талаарх мэдээлэл. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.4.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулахад хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл зэргийг тодорхой гаргаж, энэ хуульд заасан холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.