11 дугаар зүйл. Санхүү, төсвийн болон эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.Төсвийн тогтвортой байдлыг хангахад санхүү, төсвийн болон эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн тусгай шаардлага, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан боловсруулж, холбогдох тооцоо, дүн шинжилгээний хамт Засгийн газарт өргөн мэдүүлэх;
11.1.2.төсвийн төсөл болон батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахдаа төсвийн тусгай шаардлага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баримтлах;
11.1.3.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд болон жилийн төсвийн төсөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг дараахь аргачлалаар тодорхойлж байх:
11.1.3.а.тухайн төсвийн жилийн дараахь жилийн төсвийн төсөлд баримтлах, түүний дараагийн хоёр, гурав дахь жилийн төсвийн төсөөлөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах 20, 19, 18 жилийн дундаж үнэ, эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас тухайн жилийн гуравдугаар сард анх зарласан өдрийн тухайн төсвийн жилийн болон түүний дараахь гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцох;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.3.б.энэ хуулийн 11.1.3.а-д заасан гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн тооцоонд алтны тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах жилүүдийн дундаж үнийг тусгахдаа эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас гаргасан статистикт тусгасан үнийн дунджаар тооцох;
11.1.4.төсвийн гүйцэтгэл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэрхэн хангасан байдалд дүн шинжилгээ хийх;
11.1.5.энэ хуулийн 10.1.6-д заасан хөтөлбөр боловсруулах.
ТӨСВИЙН ТУСГАЙ ШААРДЛАГЫГ ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛД БАРИМТЛАХ