10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

10.1.Төсвийн тогтвортой байдлыг хангахад Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.энэ хуулийн 6.1.2-т заасан төсвийн тусгай шаардлагыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар, жилээр тооцож Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах;

10.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.1.3.төсвийн төсөл болон батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх;

10.1.4.төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд тайлагнахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтийг хангасан эсэх тухай тайлбарыг хамтад нь хүргүүлэх;

10.1.5.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан аль нэг тохиолдол бий болсон бол төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай болон тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээний санал, шаардлагатай гэж үзвэл, түүнтэй холбогдуулан тухайн жилийн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулга, тооцоо, үндэслэлийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.6.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан тохиолдол арилсны дараа гурван сарын дотор төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах саналаа энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.7.төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг баталж, нийтэд мэдээлэх.

10.1.8.энэ хуулийн 8.2-т заасан үндэслэлээр өрийн тусгай шаардлагыг түр түдгэлзүүлснээс хойшхи хоёр хүртэлх жилийн хугацаанд тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авах.

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.