9 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
9.1.Төсвийн тогтвортой байдлыг хангахад Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тооцсон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тусгаж тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, төсвийн тусгай шаардлагад нийцүүлж хуульчлан батлах;
9.1.2.жилийн төсөв батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тооцсон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тусгаж тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх;
9.1.3.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасныг үндэслэлтэй гэж үзвэл төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр болон тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээг батлах, шаардлагатай гэж үзвэл, тухайн жилийн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.1.4.энэ хуулийн 10.1.6-д заасан хөтөлбөрийг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих.