16 дугаар зүйл. Төсвийн тогтворжуулалтын сан
16.1.Төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагад нийцсэн нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилготой Төсвийн тогтворжуулалтын сантай байна.
16.2.Төсвийн тогтворжуулалтын санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
16.2.1.татвар ногдуулж, төлүүлэхэд ашиглагдсан гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байсны улмаас нэмэгдэж орсон төсвийн орлого; 16.2.1.а.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай үед 50 хувиар тооцсон орлого; 16.2.1.б.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай үед 100 хувиар тооцсон орлого. /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.2.2.төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг;
16.2.3.Засгийн газрын нөөц сангийн тухайн төсвийн жилийн зарцуулагдаагүй үлдэгдэл; /Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.4.Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагааны цэвэр орлого;
16.2.5.Монгол Улсын Их Хурлаас төсвийн тогтворжуулалтын санд хуваарилахаар тогтоосон бусад орлого.
16.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс доор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно:
16.3.1.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
16.3.2.төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
16.3.3.энэ хуулийн 9.1.3-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас давсан хэсгийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлэх.
16.4.Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх эх үүсвэр, зарцуулалтын хэмжээг тооцох аргачлал болон уг санд эх үүсвэр төвлөрүүлэх, түүнээс зарцуулалт хийх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.5.Энэ хуулийн 16.3.1, 16.3.2-т заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана.
16.6.Энэ хуулийн 16.3.3-т заасан зориулалтаар зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал гаргаж, энэ хуулийн 9.1.3-т зааснаар тухайн жилийн төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусган батална.
16.7.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө энэ хуулийн 16.3.1-д заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт багтаан зээл авч болно.
/Энэ зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./