17 дугаар зүйл. Санхүүгийн хуримтлал, түүний хөрөнгө оруулалт

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Санхүүгийн хуримтлал, түүний хөрөнгө оруулалт

17.1.Энэ хуулийн 16.1-д заасан Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх ба шаардлагатай гэж үзвэл гэрээний үндсэн дээр Ирээдүйн өв сангийн тухай хуулиар байгуулагдсан корпорациар удирдуулж болно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан гэрээнд Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх удирдамж, нөхцөл, түүнтэй холбогдох зардал зэрэг асуудлыг тусгана.

17.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө удирдлагын бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа дараахь шаардлагыг хангасан байна:

17.3.1.энэ хуулийн 17.4-т зааснаас бусад тохиолдолд зээл авахгүй байх;

17.3.2.зөвхөн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан, гадаад улсын нутаг дэвсгэрт арилжаалагдаж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй, эсхүл Монгол Улсын хуулийн этгээдтэй нэгдэл бүхий компанийн нэгдлийн оролцогчоос бусад этгээдийн гаргасан санхүүгийн хэрэгсэлд байршуулах;

17.3.3.зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас тогтоосон зээлжих зэрэглэлийн үнэлгээгээр "А" болон түүнээс доош үнэлгээтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх;

17.3.4.санхүүгийн хөрөнгө оруулалт хөрвөх чадвартай байх;

17.3.5.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг барьцаалах, зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалт гаргах болон бусад хэлбэрээр Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ хэлцэл байгуулахгүй байх;

17.3.6.санхүүгийн хөшүүрэг оролцсон гэрээ, хэлцэл хийхгүй байх;

17.3.7.санхүүгийн үүсмэл хэрэгслийг зөвхөн хөрөнгө оруулалтын эрсдэлийг хаах, бууруулах зорилгоор ашиглах.

17.4.Хөрөнгө оруулах шийдвэрийг гаргах үед зээл авах нөхцөл, шаардлага үүсээгүй, зөвхөн Сангаас хөрөнгө оруулахаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, тухайн хэрэгсэлд хөрөнгө оруулах төлбөр тооцоог гүйцэтгэхэд дутагдаж байгаа богино хугацааны эх үүсвэрийн дутагдлыг бүрдүүлэх зорилгоор зээл авч болно.

17.5.Энэ хуулийн 17.4-т зааснаар зээл авахад дараахь нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байна:

17.5.1.зээлийн хугацаа долоо хоног хүртэл байх;

17.5.2.зээлийн хэмжээ нь сангийн мөнгөн хөрөнгө, зээл төлөгдөх хугацааны дотор орохоор хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын мөнгөн орлогоор баталгаажсан, түүнээс хэтрээгүй байх;

17.5.3.сангийн зээлийн үлдэгдэл Сангийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 5 хувиас хэтрэхгүй байх.

17.6.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлого болон хөрөнгийн удирдлагатай холбогдох журам, заавар, аргачлалыг энэ хуульд нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

БУСАД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.