161 дугаар зүйл. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.1.Улсын Их Хурлаас Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангуулах үүрэг бүхий хараат бус, бие даасан, байнгын ажиллагаатай Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.2.Зөвлөл үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хамтын удирдлагын зарчмаар асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.3.Зөвлөл нь орон тооны долоон гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо нэр дэвшигчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хүн тус бүрээр шалгаруулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.4.Улсын Их Хурал Зөвлөлийн гишүүнийг энэ хуульд заасан журмын дагуу 4 жилийн хугацаатай томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.5.Төсвийн тогтвортой байдлыг хангахад Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.5.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал боловсруулах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.5.2.Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
161.5.3.Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
161.5.4.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу төсөвтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн улсын төсөвт нөлөөлөл, ачаалал үзүүлэх эсэх талаар шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж танилцуулах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.5.5.энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, судалгааг Засгийн газар, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засаг, хөгжлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас гаргуулан авах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.5.6.Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг олон нийтээр хэлэлцүүлэхэд оролцож, санал өгөх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.6.Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг энэ хуулийн 161.5.1-д заасан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулаагүй бол түүний үндэслэл, шалтгааныг үзүүлэлт тус бүрээр бодлогын өөрчлөлтөөр тодорхойлж тайлбарлан, уг тайлбарыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн хамт өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.7.Зөвлөл төсвийн дунд хугацааны таамаглал, төсвийн тогтвортой байдлын болон эрсдэлийн тайлан, бодлогын нөлөөллийн шинжилгээ хийж хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хуралд танилцуулж, нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.8.Зөвлөл шаардлагатай тохиолдолд холбогдох төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, судлаачаар судалгаа, шинжилгээний ажил хийлгэж болно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.9.Зөвлөлийн гишүүн нь дараах шаардлагыг хангана: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.9.1.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.9.2.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй байх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.9.3.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.9.4.ёс зүй болон нэр хүнд нь Зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.9.5.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, олон улсад нэр хүнд бүхий эрдэм, шинжилгээ судалгааны сэтгүүлд нийтлүүлсэн байх, эсхүл эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, санхүү, татварын чиглэлээр мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.10.Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахад дараах журмыг баримтална: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.10.1.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо сонгон шалгаруулалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.10.2.энэ хуулийн 161.9-д заасан шаардлагыг хангасан иргэн энэ хуулийн 161.10.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших хүсэлтээ Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд ирүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.10.3.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг нэр дэвшигч хүсэлтээ ирүүлснээс хойш 15 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.10.4.энэ хуулийн 161.10.3-т заасан ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр үнэлгээ авсан иргэнийг Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, томилох саналаа Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.10.5.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130-132 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
161.11.Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахтай холбогдсон журмыг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо баталж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.12.Зөвлөлийн гишүүд даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө Улсын Их Хурал чөлөөлнө: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.1.өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.2.өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.3.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.5.Зөвлөлийн гишүүн хуульд заасан чиг үүргээ удаа дараа биелүүлээгүй; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашигласан; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.7.энэ хуулийн 161.9.3, 161.9.4, 161.25-д заасан шаардлагыг зөрчсөн; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.8.эрх зүйн чадамжгүй болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.13.9.хуульд заасан бусад үндэслэл. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.14.Зөвлөлийн гишүүний хөдөлмөрийн харилцаатай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.15.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол энэ хуульд заасан журмын дагуу өөр хүнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.16.Энэ хуулийн 161.15-д заасны дагуу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.17.Зөвлөл энэ хуулийн 161.5-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, нэгдсэн зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын албатай байж болох бөгөөд ажлын алба нь Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд хамаарна. Ажлын албаны бүтэц, орон тоог Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.18.Зөвлөлд төсөвтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, туслах чиг үүрэг бүхий долоон орон тоотой төсвийн судалгааны нэгжийг Зөвлөлийн харьяанд ажиллуулна. Судалгааны нэгжийн албан тушаалтныг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.19.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын төсөвт тусгана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.20.Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж, тайлан хэлбэртэй байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.21.Зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурал батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.22.Зөвлөл үйл ажиллагаагаа жил бүр Улсын Их Хурлын чуулганд тайлагнана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.23.Зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалингийн итгэлцүүрийг Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.24.Зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 161.13-т зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.25.Зөвлөлийн дарга, гишүүн нь шууд болон шууд бус хэлбэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хуульд өөрөөр заагаагүй бол өөр ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
САНХҮҮГИЙН ХУРИМТЛАЛЫН УДИРДЛАГА