19 дугаар зүйл. Хуулийг дагаж мөрдөх журам
19.1.Энэ хуулийн 6.1.2-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2024 оны төсвийн жилээс, энэ хуулийн 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2017 оны төсвийн жилээс эхлэн тус тус дагаж мөрдөнө. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан ба 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.2.Энэ хуулийн 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2024 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.3.Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 88 хувиас, 2017 оны төсвийн жилд 85 хувиас, 2018 оны төсвийн жилд 80 хувиас, 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас, 2023 оны төсвийн жилд 65 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.4.Энэ хуулийн 19.3-т заасны дагуу өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээний 40 хувиас давсан хэсэгт Засгийн газар зөвхөн энэ хуулийн 17.1-д заасан санхүүгийн хуримтлал бий болгох хүртэлх хугацаанд энэ хуулийн 17.4.1, 17.4.2-т заасан хөгжлийн хөрөнгө оруулалтын зориулалтаар төрийн өмчит хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргана.
/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.5.Энэ хуулийн 16.2-т заасан нөхцөлийг 2020 оны төсвийн жилээс өмнө хангана.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.6.Энэ хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 онд 5 хувиас, 2016 онд 18.5 хувиас хэтрүүлэхгүй байлгана.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.7.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.8.Энэ хуулийн 19.6-д заасны дагуу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг тооцоход энэ хуулийн 6.2-т заасан салбарын хуулийн этгээдэд Засгийн газрын гадаад зээллэгийн эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэх замаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг оруулж тооцохгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
19.9.Энэ хуульд заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2017 онд 10.4 хувиас, 2018 онд 9.5 хувиас, 2019 онд 6.9 хувиас, 2020 онд 12.5 хувиас, 2021 онд 8.8 хувиас, 2022 онд 5.1 хувиас, 2023 онд 3.6 хувиас, 2024 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2025 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ