10 дугаар зүйл. Улсын агаарын хөлгийн нислэгийн ангилал
/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.1.Улсын агаарын хөлгийн нислэг дараахь ангилалтай байна:
10.1.1.байлдааны үүргийн нислэг;
10.1.2.онцгой үүргийн нислэг;
10.1.3.тусгай үүргийн нислэг;
10.1.4.арилжааны нислэг;
10.1.5.сургууль-байлдааны нислэг;
10.1.6.шалгалт, туршилтын нислэг.
10.2.Байлдааны үүргийн нислэгт байлдааны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бүх төрлийн нислэг хамаарна.
10.3.Онцгой үүргийн нислэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын өндөр хэмжээний зочдод үйлчлэх нислэг хамаарна.
10.4.Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон нислэг, гамшиг, аюулт үзэгдэлтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, спортын арга хэмжээ болон төрийн чиг үүргийг гүйцэтгэх байгууллагуудын ажил, үүргийг гүйцэтгэх зорилгоор үйлдэх нислэг хамаарах ба нислэг, түүнтэй холбогдон гарах зардлыг захиалагч байгууллага хариуцна.
10.5.Улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн тухай хуулийг баримтална.
10.6.Сургууль-байлдааны нислэгт бүх төрлийн дадлага сургалт, эрх олгох, бөмбөгдөлт, пуужингийн харвалт, буудлагатай нислэг хамаарна.
10.7.Шалгалт, туршилтын нислэгт шинэ төрлийн агаарын хөлгийг агаарт шалгах, засвар, техникийн үйлчилгээ, шинээр тоног төхөөрөмж суурилуулсны дараа хийх нислэг хамаарна.