9 дугаар зүйл. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ
9.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ /цаашид "улсын сүлжээ" гэх/ нь нэгдмэл арга зүй, хөтөлбөрөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажил гүйцэтгэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус цаг уур, орчны мэдээллээр хангах үүрэг бүхий байнгын тасралтгүй ажиллагаатай өртөө, харуул, хүрээлэн, төв, лаборатори зэргээс бүрдэнэ.
9.2.Улсын сүлжээний өртөө, харуулын байршил, нягтралыг үнэн зөв мэдээ гаргах шалгуурыг харгалзан, олон улсын жишигт нийцүүлэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтооно.
9.3.Улсын сүлжээний өртөө, харуул нь төрийн өмч байна.
9.4.Улсын сүлжээний өртөө харуулыг байгуулах, төхөөрөмжлөх, татан буулгах, багаж хэрэгслээр хангах зардал болон ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.5.Аж ахуйн тодорхой хэрэгцээ, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагын захиалгын дагуу шинжилгээний өртөө, харуул байгуулах шаардлага гарвал түүнийг байгуулах, ажиллуулах асуудлыг төрийн захиргааны байгууллага нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
9.6.Улсын сүлжээний өртөө, харуулыг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр татан буулгах, нүүлгэн шилжүүлэхийг хориглоно.