9 дугаар зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх
9.1.Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.1.1.харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
9.1.2.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.3.харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.4.сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.1.5.харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд зүй ёсны монополь болон давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах, батлах;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.1.6.харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.7.бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах;
9.1.8.харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
9.1.9.сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
9.1.10.радио, телевизийн болон тэдгээрийг дамжуулах үйлчилгээний нөхцөл, шаардлагыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.11.энэ хуулийн 6.1.4-д заасан журмын дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох;
9.1.12.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;
/Энэ заалтад 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.1.13.дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.14.домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.1.15.тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.1.16.Зохицуулах хорооны төсөв, ажлын албаны жилийн төлөвлөгөөг батлах.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.1.17. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./