8 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хороо

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хороо

8.1.Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ ажиллана.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.2.Зохицуулах хороо нь дарга, орон тооны бус 6 гишүүнээс бүрдэнэ.

8.3.Зохицуулах хорооны дарга, гишүүнийг Ерөнхий сайд томилно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4.Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Зохицуулах хорооны гишүүдийн анхны томилгоог 2, 4, 6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилно.

8.5.Зохицуулах хорооны даргыг нэг удаа улируулан томилж болно.

8.6.Харилцаа холбооны салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, түүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны даргаар, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны гишүүнээр томилно:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.6.1.эдийн засаг, мэдээлэл холбоо, техник, хууль зүй, удирдлагын дээд боловсролтой, өндөр мэргэжил, ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай;

8.6.2.Зохицуулах хорооны дарга, гишүүн нь үйлчлэгчийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаар эзэмшигч, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд байж болохгүй.

8.7.Зохицуулах хороонд харилцаа холбооны улсын байцаагч ажиллана.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.8.Зохицуулах хороо нь ажлын албатай байна.

8.9.Зохицуулах хороо нь орон нутагт орон тооны бус гишүүдээс бүрдэх салбар зөвлөлтэй байж болно.

8.10.Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс санхүүжинэ.

8.11.Зохицуулах хороо нь ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг Засгийн газарт тайлагнана.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.12.Зохицуулах хороо нь санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж, нийтэлнэ.

8.13.Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.