13 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис ашиглахад тавих үндсэн шаардлага
13.1. Химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбоотой үйл ажиллагааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, талбайд явуулна.
13.2. Химийн хорт болон аюултай бодис ашиглах явцад тухайн ажлын байр болон байгаль орчинд эрх бүхий байгууллагаас тогтоосон химийн хорт болон аюултай бодисын хүлцэх хэмжээг хэтрүүлэхийг хориглоно.
13.3. Химийн хорт болон аюултай бодис ашиглах аж ахуйн нэгж, байгууллага өөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулан нутаг дэвсгэрийнхээ байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагчаар хянуулж мөрдөнө.
13.4. Химийн хорт болон аюултай бодистой харьцах ажилд мэргэжлийн зохих мэдлэг, дадлага туршлагатай 18-аас дээш настай хүнийг ажиллуулна.
13.5. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг химийн хорт болон аюултай бодистой харьцах ажилд ажиллуулахыг хориглоно.
13.6. Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллагчдад аюулгүй ажиллагаа, болзошгүй осол, эрсдлээс сэргийлэх болон анхны тусламж үзүүлэх сургалтыг өөрийн зардлаар зохион байгуулна.
13.7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтөлж, тайлан мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор, төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 1 дүгээр сард багтаан хүргүүлнэ.
13.8. Нэр төрөл, шинж чанар, хэрэглэх заавар нь тодорхой бус химийн хорт болон аюултай бодисыг эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй нөхцөлд ашиглахыг хориглоно.
13.9. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглахдаа энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг мөрдөнө.