6 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах

6.1. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмыг батлах; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.2. химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.3. ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, тэдгээрийн ашиглалтын хэмжээг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр шинэчлэн батлах;

6.1.4. энэ хуулийн 6.1.3-т заасан бодисыг турших, бүртгэх, ашиглах журмыг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.1.5. химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;

6.1.6. Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг тухай бүр шинэчлэн баталгаажуулах арга хэмжээ авч олон улсын байгууллагад мэдээлэх;

6.1.7. химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааны мэдээ, тайланг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

6.1.8. химийн хорт болон аюултай бодис ашигласан үйл ажиллагааны нэгдсэн тайланг жил бүр гаргах;

6.1.9. химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай зөвлөмж гаргах;

6.1.10. химийн хорт болон аюултай бодисын асуудлаар олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, эдгээр бодисын физик, химийн болон хор аюулын шинж чанар, осол, эрсдлийн үед авах арга хэмжээ, тухайн бодис, түүний хольц, хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх аргын талаархи мэдээллээр иргэдийг хангах;

6.1.11. Монгол Улсын нэгдэн орсон химийн хорт болон аюултай бодисын талаархи олон улсын гэрээг хэрэгжүүлэх ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрхлэх;

6.1.12. химийн хорт болон аюултай бодисын нөлөөллөөс үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд учирсан хор хөнөөлийг арилгахад олон улсын байгууллагаас тусламж хүсэх саналыг Засгийн газарт тавих;

6.1.13.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах эрх олгох.

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.2. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл Ерөнхий сайдын дэргэд, салбар зөвлөл холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллах бөгөөд Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

6.3. Цэргийн зориулалттай химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд энэхүү үйл ажиллагаатай холбогдолтой тайлан, мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

6.4. Энэ хуулийн 6.1.6-д заасан хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газар батална.

6.5.Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон тухайн бодисын бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.6.Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон бодисын ашиглах болон ашиглахыг хориглох салбар, ашиглах хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.