9 дугаар зүйл. Зөвшөөрөл, гэрчилгээ олгох, олгохоос татгалзах
9.1.Удирдан зохицуулах зөвлөл нь дараахь нөхцөлийг харгалзан зөвшөөрөл, гэрчилгээ олгоно:
9.1.1.энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан дүгнэлт, тодорхойлолтыг авсан эсэх;
9.1.2. Конвенцийн 1, 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох зөвшөөрөл олгохдоо шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 6.1.4-т заасан дүгнэлт авсан эсэх;
9.1.3. тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу олж авсан тухай нутгийн захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтны тодорхойлолт;
9.1.4. реэкспортлох гэж буй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг энэ хууль болон зохих зөвшөөрлийн дагуу импортлосон эсэх;
9.1.5. амьтан, ургамлын тээвэрлэлт нь зохих журмын дагуу хийгдсэн болон шаардагдах нөхцөлийг бүрдүүлсэн эсэх;
9.1.6. Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох зөвшөөрөл олгохдоо импортлогч улсын эрх бүхий байгууллагаас импортын зөвшөөрөл урьдчилан авсан эсэх;
9.1.7. тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олж авахдаа Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд заасан төлбөр, хураамж тушаасан баримт бичиг.
9.1.8.тухайн ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2. Удирдан зохицуулах зөвлөл дараахь үндэслэлээр зөвшөөрөл, гэрчилгээ олгохоос татгалзана:
9.2.1. энэ зүйлийн 9.1-д заасан нөхцлүүдийг хангаагүй;
9.2.2. хуурамч баримт бичиг ашигласан нь тогтоогдвол.
9.3. Бусдад шилжүүлсэн, хүчинтэй байх хугацаа дууссан, зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүйд тооцно.