12 дугаар зүйл. Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлага

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙÕÎÒ ÁÀÉÃÓÓËÀËÒÛÍ ÒÓÕÀÉ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлага

12.1.Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн нөхцөл, нөөц, экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын сөрөг үр дагаварт иж бүрэн үнэлгээ өгсний үндсэн дээр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, тосгоны тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг хангасан байна.

12.2. бүсийн хөгжлийн төсөл нь тухайн нутаг дэвсгэрт хот байгуулалтын тодотгосон үнэлгээ хийсний үндсэн дээр бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүсийн хөгжлийн тулгуур төв болон нийгэм, соёл ахуйн үйлчилгээний зохистой хүрээгээр бүлэг суурингийн төвийг тогтоон бусад бүс нутагтай харилцан уялдаатай харьцангуй бие дааж хөгжих шаардлагыг хангасан байна.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.3.Чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө нь хот байгуулалтад тавигдах үндсэн шаардлагыг бүрэн хангасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал эрхлэх, дэд бүтцийн хангамж нөхцлийг тооцож төлөвлөсөн байна.

12.4.Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь дараахь шаардлагыг хангасан байна:

12.4.1.хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, хот, тосгоны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон, хот, тосгоны хил хязгаар, газар нутгийн үүргийн бүсчлэл, инженер, зам тээвэр болон нийгмийн дэд бүтцийн хөгжил, түүх, соёлын дурсгалт байгууламж, архитектур-хот байгуулалтын шаардлага, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байх;

12.4.2.тухайн нутаг дэвсгэрийн инженер- геологи болон байгаль экологийн онцлогт тулгуурлан боловсруулсан суурь судалгаанд үндэслэсэн байх.

12.5.Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна.

12.6.Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө:

12.6.1.гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх;

12.6.2.орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцох;

12.6.3.төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байна. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.7.Орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагч нь хотын тогтвортой хөгжлийн бодлогын чиглэл, батлагдсан төлөвлөгөөний дагуу хот, тосгоныг хөгжлүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 4 жил тутамд боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.

12.8.Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "70 хувиас илүүгүй" гэснийг "60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол" гэж өөрчлөлт оруулсан./

12.9.Хот төлөвлөлтийн суурь судалгаа нь байгаль орчин, эдийн засаг, нийгэм, хот байгуулалтын асуудлыг иж бүрэн хамруулан тусгасан судалгааны ажил байна.

12.10.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангасан байна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.