11 дугаар зүйл. Хот байгуулалтын баримт бичиг
11.1.Хот байгуулалтын баримт бичиг нь дараахь зүйлээс бүрдэнэ:
11.1.1.хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл;
11.1.2. бүсийн хөгжлийн төсөл;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.3.чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө;
11.1.4.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
11.1.5.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;
11.1.6.хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө;
11.1.7.барилга байгууламжийн зураг төсөл;
11.1.8.хот төлөвлөлтийн суурь судалгаа.
11.1.9.хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
11.2.Хот байгуулалтын баримт бичгийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага боловсруулна.
11.3.Хот байгуулалтын баримт бичгийг Иргэний хууль-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр боловсруулна.
11.4.Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахад хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан норм ба дүрэм, журмыг мөрдөж, барилга байгууламжид тавигдах шаардлага, тэдгээрийн дэд бүтцийн хангамж, ногоон байгууламж, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлыг тусгана.
11.5.Дор дурдсан этгээд хот байгуулалтын баримт бичгийн захиалагч байна:
11.5.1.хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын захиалагч нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
11.5.2.аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын захиалагч нь тухайн шатны Засаг дарга, хот, тосгоны захирагч.
11.6.Хот байгуулалтын баримт бичгийн захиалагч нь хот байгуулалтын баримт бичигт холбогдох хууль тогтоомж, норм ба дүрэм, журамд заасны дагуу улсын экспертизийн дүгнэлт гаргуулна.