9 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
9.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
9.1.2.аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсголын үндсэн дээр томилох; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.1.3.ерөнхий архитектороор удирдуулсан Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг байгуулах;
9.1.4.аймаг, нийслэлийн хөгжлийн төсөл, хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, тодотгол, шинэчлэл хийх асуудлыг санаачлан зохион байгуулах;
9.1.5.хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;
9.1.6.хот байгуулалтын чиглэлээр хийгдсэн ажлын талаархи тайланг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жилд нэг удаа ирүүлэх.
9.1.7.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгах зэргээр орц, гарцыг гаргах арга хэмжээг авах. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.Энэ хуулийн 9.1.7-д заасан барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгахтай холбоотой зардлыг буруутай этгээдээр гаргуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.3.Энэ хуулийн 9.1.2-т заасан аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтад Барилгын тухай хуулийн 44.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, эсхүл мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд оролцож болно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.4.Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын эрх, үүргийг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд хэрэгжүүлэх бол аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.5.Энэ хуулийн 9.4-т заасан мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд нь энэ хууль болон гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./