17 дугаар зүйл. Ус хангамж, ариутгах татуурга

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Ус хангамж, ариутгах татуурга

17.1.Улсын онц чухал объектод хамаарах ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг дотоодын цэрэг гүйцэтгэж, бусад ус хангамжийн эх үүсвэр нь энгийн харуул хамгаалалттай байна.

/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр нь хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй байх бөгөөд тэдгээрийн дэглэмийг Усны тухай хуулийн 31.3, 31.4-т заасны дагуу тогтооно.

17.3.Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.4.Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах байдлаар тогтоож, хэрэгжилтийг хангуулна: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.4.1.хот, суурины төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метр, хамгаалалтын бүсийг 200 метрээс багагүй зайд;

17.4.2.төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийг Усны тухай хуулийн 31.3-т заасны дагуу;

17.4.3.төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт урсгал уснаас шууд тэжээгдэх худгийн усыг ашиглахдаа хамгаалалтын бүсийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн 500 метрээс багагүй зайд; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.4.4.урсгал усыг төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа тохиолдолд тухайн газрын хөрс, чулуулгийн тогтолцоо, голын урсацыг харгалзан хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг Усны тухай хуулийн 31.4-т заасны дагуу.

17.5.Улсын болон аймгийн зэрэглэлтэй хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тухайн усны эх үүсвэрийн тэжээлийн бүс болон түүнтэй гидравлик холбоотой гол, нуурын ус хуримтлуулах талбайг хамруулан тогтоож болно.

17.6.Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно.

17.7.Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна.

17.8.Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

17.8.1.газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис хадгалах, боловсруулах, үйлдвэрлэх;

17.8.2.байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөөгүй бордоо ашиглан таримал ургамал тарих, бодис, арга технологи хэрэглэн хөнөөлт шавж, мэрэгчийг устгах;

17.8.3.унд, ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;

17.8.4.газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох.

17.9.Усны чанарын шинжилгээний дээж авах цэг, давтамжийг эрүүл мэндийн хяналтын байгууллагаас тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

17.10.Ус хангамжийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс, эх үүсвэрийн барилга байгууламжид хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглоно.

17.11.Иргэн хувийн хэрэгцээндээ зориулж гаргасан усны эх үүсвэрийг ашиглах болон бусад хэрэглэгчийг усаар хангах нөхцөлд хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөнө.

17.12.Шинээр төлөвлөж байгаа барилга байгууламжийн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэршүүлэн ашиглах асуудлыг батлагдсан стандарт, норм, дүрмийн дагуу хэрэгжүүлнэ.

17.13.Уул уурхай, эрчим хүчний үйлдвэр нь технологийн хэрэглээний усаа эргүүлэн ашиглана.

17.14.Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.