18 дугаар зүйл. Цэвэрлэх байгууламж
18.1.Технологийн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэх байгууламжид нийлүүлэхдээ байгаль орчин, эрүүл мэнд, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагуудын хамтран тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг баримтална.
18.2.Цэвэрлэх байгууламжийн байршлыг дараах зүйлийг харгалзан тогтооно:
18.2.1.хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
18.2.2.байгалийн гэнэтийн аюул /усны үер, гал түймэр, газар хөдлөлт г.м/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө;
18.2.3.цэвэрлэх байгууламжийг өргөтгөх боломж;
18.2.4.хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоох талбай;
18.2.5.ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын болон аюулгүй ажиллагааны нөхцөл.
18.3.Цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах технологи бүхий тоног төхөөрөмжтэй байна.
18.4.Цэвэрлэсэн бохир усны найрлагад эрүүл мэнд, байгаль орчны хяналтын алба, технологийн горимд дэд бүтцийн хяналтын алба тус тус хяналт тавина.
18.5.Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана.
18.6.Улсын чанартай авто замын дагуу байрлах зорчигч үйлчилгээний болон шатахуун түгээх газар нь ариутгах татуургын шугам сүлжээ бүхий ариун цэврийн өрөөтэй байх бөгөөд энэхүү арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
18.7.Нийтэд халдварлах аюултай нян, бактери, химийн нэгдлийн бохирдол бүхий хаягдал бохир усыг энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх бөгөөд уг үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага хариуцна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./