5 дугаар зүйл. Хувийн хамгаалалт эрхлэх этгээдэд тавих шаардлага
5.1.Хувийн хамгаалалтыг Зөвшөөрлийн тухай хууль болон энэ хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан бие хамгаалагч, хуулийн этгээд эрхлэн явуулна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.2.Бие хамгаалагч нь 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, хувийн хамгаалалтын сургалтад хамрагдаж зохих мэдлэг, дадлага эзэмшсэн, гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.
5.3.Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа явуулах бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, техник хэрэгсэл болон өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байна.
5.4.Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь 10-аас доошгүй бие хамгаалагчтай байна.
5.5.Хуулийн этгээд нь хувийн хамгаалалтыг бие хамгаалагчаар гүйцэтгүүлнэ.
5.6.Цагдаагийн байгууллагаас бие хамгаалагчаар ажиллах тусгай зөвшөөрөл авсан иргэн нь хувийн хамгаалалтын хуулийн этгээд үүсгэн байгуулах, эсхүл хувийн хамгаалалтын байгууллагад ажиллаж болно.
5.7.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол гадаад улсын иргэн тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт бие хамгаалагчаар ажиллаж болно.