6 дугаар зүйл. Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
6.1.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цагдаагийн төв байгууллага олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн иргэн цагдаагийн төв байгууллагад дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.1.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
6.2.2.иргэний үнэмлэх;
6.2.3.эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт;
6.2.4.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан сургалтад хамрагдсан болохыг нотолсон баримт бичиг.
6.3.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд цагдаагийн төв байгууллагад дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.3.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
6.3.2.улсын бүртгэлийн гэрчилгээ;
6.3.3.бие хамгаалагч тус бүрийн эрүүл мэндийн тодорхойлолт, тэдгээрийн зөвшөөрөл;
6.3.4.энэ хуулийн 5.3-т заасан шаардлагыг хангасан болохыг нотолсон баримт бичиг.
6.4.Цагдаагийн төв байгууллага зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.5.Энэ зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэгт заасан баримт бичиг нь эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./