3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."биоаюулгүй байдлыг хангах" гэж хувиргасан амьд организмаас хүний эрүүл мэнд, амьтан, ургамал болон биологийн бусад төрөл зүйлд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, аюулгүй болгох цогц арга хэмжээг;
3.1.2."хувиргасан амьд организм" гэж орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг;
3.1.3."биотехнологи" гэж лабораторийн нөхцөлд нэг биетийн эсэд өөр биетийн тодорхой ашигт чанарыг агуулагч ДНХ /дезоксирибонуклеинийн хүчил/ -г холбох, эсхүл ангилал зүйн хувьд ялгаатай организмын эсүүдийг шууд холбох аргаар судалгаа, үйлдвэрлэлийн зориулалттай эрлийз биет гарган авах арга технологийг;
3.1.4."хувиргасан амьд организмыг ашиглах" гэж эрдэм шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн аргаар гарган авсан хувиргасан амьд организмыг өмчлөх, эзэмших, ашиглахад чиглэгдсэн үйл ажиллагааг;
3.1.5."битүү системд ашиглах" гэж хувиргасан амьд организмыг байгаль орчинд тархах, эсхүл хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөс бүрэн сэргийлсэн тусгай орчин буюу зориулалтын лаборатори, хүлэмжид явуулах аливаа үйл ажиллагааг;
3.1.6."эрсдэл" гэж хувиргасан амьд организм нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө учруулж болзошгүй үр дагавар үүсэх магадлалыг;
3.1.7."эрсдлийн үнэлгээ" гэж хувиргасан амьд организм нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй болохыг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг.