4 дугаар зүйл. Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо
4.1.Монгол Улсад биоаюулгүй байдлыг хангах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Биоаюулгүй байдлыг хангах орон тооны бус Үндэсний хороо /цаашид "Үндэсний хороо гэх"/ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
4.2.Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа үндэсний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, нээлттэй байх зарчмыг удирдлага болгоно.
4.3.Үндэсний хорооны бүрэлдэхүүнд байгаль орчин, үйлдвэр, худалдаа, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, биотехнологийн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллага, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Үндэсний хорооны дүрмийг баталж, бүрэлдэхүүнийг нь томилж, чөлөөлнө.
4.5.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.6.Үндэсний хороо нь дэргэдээ хувиргасан амьд организмын эрсдлийн үнэлгээний тайланд мэргэжлийн дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий шинжлэх ухааны орон тооны бус зөвлөл байгуулан ажиллуулж болно.
4.7.Үндэсний хороо нь хуралдааныхаа дэг, энэ хуулийн 4.6-д заасан зөвлөлийн ажиллах журмыг батална.
4.8.Үндэсний хорооны зохицуулагч бөгөөд нарийн бичгийн дарга нь орон тооны байх бөгөөд Үндэсний хорооны зохицуулагч нь Картагений Протоколын нарийн бичгийн дарга нарын газартай харилцана.